iNET.mn
mobile.inet.mn
хайлт
Зураачид
Тэмээ хэмээх тэнэмэл заяат /Д.Баасанжаргал /сэтгүүлч/ /
Баасан, 1-р сар 30 , 2009

Д.Баасанжаргал

  Тэмээ үнэхээр тэнэмэл амьтан. Ялангуяа халгай идсэнийхээ дараа салхи сөрөөд туучих юм бол зогсохоо мэдэхгүй. Ер нь тэнэмэл амьдралтай учраас тэнэгдүүхэн харагддаг. Хүнээр бол ихээхэн хэнэггүй. Бас ихээхэн гүргэр. Нэг ярдаглаад хэвтчихвэл босохгүй. Орилоод л, сэвсээрээ будаад байх нь тэр. Ийм тэмээний сүүлэнд сонин хавчуулж байгаад шатаан босгодог муу аргыг зарим хүн хэрэглэнэ. Мөн гүргэр зангийн нэг хэлбэр нь олон хоногоор ус уухгүй явж чаддаг явдал. Тэмээ ингэхэд говийн амьтан гэх боловч хаана л бол хаана л амьдрах чадвартай.
 Дархадын хотгорт тэнэж яваад нэгэн их модтой уул өөд мацсаар орой дээр нь гарвал тээр дор томоохон нуур харагдав. Эргээр нь 10 гаруй тооны цэлдэн хөх амьтан бэлчих аж. Нөгөө цаа буга нь байна даа хэмээн бодлоо. Уруудаад очтол тэмээ. Халуун зун байсан болоод хамаг үс ноосоо гээсэн тул цэлдийчихээд тэрхүү тайгад тууж яваа юм даа. Гэтэл энд өнгөрсөн жил 42 тэмээ тоолуулжээ. Тэмээ бидэнд үеийн үед ач тусаа өгч байсан амьтан зайлуул. Тэд тэртээ нэгэн цагт Өрнийг зорин гарч Арабын цөлд очин ганц бөхтэй болтлоо туйлджээ. Мөн сайн тэнэсэн байгаа биз.
 Түүнээс гадна хамгийн гайхамшигтай нь машин тэрэг гэдэг зүйлийг манай монголчууд мэддэггүй байсан цагт Ар халхаас Бээжин хүртэл ачаа тээн жингийн цуваагаар хөвөрдөг байлаа. Сүүлчийн тэмээний хонх нь дүн дан, дүн дан гээд л алхаад байна даа, зайлуул. Өвлийн хүйтэнд аянчдад ихээхэн тус болно. Алхаж ядарсан тэмээдээ тойруулан хэвтүүлж байгаад дунд нь майхнаа барьчихна. Хашаа хэрэм л гэсэн үг. Ер нь говь газар хоёр тэмээтэй хээр хонохоор боллоо гэхэд элсэн дээр заг овоолж байгаад түлдэг. Тэгээд цогшихоор нь элсээрээ булчихна. Хятадын халуун ханз шиг юм болно. Тэгээд хоёр тэмээгээ зөрүүлж хэвтүүлэн дунд нь нөгөө “ханз” дээрээ хэвтчихээр хөлс гоожоод л дугжраад өгдөг. Харин нэг хэсэгтээ нойр хүрэхгүй зовоох шалтгаан бас бий. Учир нь тэмээний гэдэс байнга хоржигнон дуугарна.
 Ингэхэд тэмээ уяхан сэтгэлтэй. Ботгоо голсон ч гэсэн хуурийн эгшиг, эзнийхээ хөөслөх дуу хоёрт амархан бууж өгнө. Нулимсаа бөмбөрүүлээд эхэлдэг. Энд нэг зүйлийг хэлэхэд ийнхүү тэмээгээ уйлуулж байгаад манай киночид европчуудыг хоёр удаа уулга алдуулжээ. Эхнийх нь тэртээ социализмын үед болсон явдал. Киноны олон улсын наадамд  ийнхүү тэмээ уйлуулж буй баримтат киногоо толилуулахаар хийж эхэлжээ. Ингээд говийн суманд очиж, ботготой ингэ бүхий айлд очин учир явдлаа хэлж гэнэ. Нөгөөдүүл нь ботгоо голоогүй болохоор “уйлахгүй” байхдаа хэмээж. Киночид “уйлах байлгүй дээ” гэж. Ингээд гэрийн эзэгтэй уг ингийг хөөслөн, нөхрөөрөө бүтэн цаг хуурдуултал нөгөөх нь ганц ч дусал нулимс унагасангүй. Архгаа барсан тэд гэв гэнэт нэгэн мэргэн арга олж ингэнийхээ доод зовхинд гавар түрхээд орхитол гулимсаа ёстой нэг бөмбөрүүлж өгсөн гэж байгаа. Харин дараагийн “уйлуулалтыг” Германд киноны чиглэлээр сурдаг оюутан охин хийснийг бид мэднэ. Тэрээр харин үнэхээр “уйлуулсан” гэнэ билээ.
 Тэмээ ингэхэд хоёр жилд нэг удаа төрдөг, ховорхон хувь тавилантай амьтан шүү дээ. Шилэрнэ. Их ч хүнд төрдөг амьтан. Мөн үхэр адуу шиг хэвтэхгүй. Ихэвчлэн босоо төрнө. Тиймээс дөнгөж төрсөн ботго хүзүүгээрээ унавал босч ирэхгүй тэр чигтээ нүд аних тохиолдол элбэг.
 Ер нь монголчууд тэмээндээ хайртай шүү. Амгалан занд нь болдог байх. Ач тусыг нь бас боддог биз. Яагаад гэхээр бидний амьдралын ихэнх үеийг нуруун дээрээ үүрч ирсэн нь маргаангүй үнэн. Тиймээс тэмээнд зориулсан дуу асар олон. Гэтэл үхэрт байхгүй. Үхэрчин хүүд л зориулсан ганц нэг юм бий. Харин энэхүү хайртай амьтнаа зах зээлийн энэ үед жинхэнэ тамалж байгаа. Тавхайг нь авах гээд нугасалдаг. Дөрвөн тавхайг нь шүү дээ. Ингэхэд хангайд тэмээг хүнсэндээ хэр барагтай бол хэрэглэхгүй. Дээхэн үед хоёр бөхнөөс нь өөх их гардаг, гамбир хайрах бүтэн жилийн тос гарна гэдэг утгаар хааяа ганц нэг айл нядалдаг байсан. Харин говийнхон хүнсэндээ тэмээний мах их хэрэглэнэ. Хэрэглэхээс ч өөр аргагүй орчин нөхцөл тэнд ноёрхдог. Мөн энэ цаг үед тэмээний бөх гэхээсээ илүү том бие нь гай болдог. Их махтай гэсэн үг л дээ. Тиймээс олон хуушуур болно. Их ч хиам хийдэг. Өдгөө янз бүрийн тос элбэг болсон тул түүний хоёр бөхийг тоохоо больсон.
 Ингэхэд энэхүү тайван амгалан нь дэндсэн тэмээгээ ихээхэн тамална аа бид. Энэ цаг үед л гэхэд ботго нь сүүгээ бүрэн хөхөж чадахаа байсан. Хүмүүс сүүгээр нь хоормог хийн өндөр үнээр худалдахын тулд ботгоны хоолыг хумслах болов. Ялангуяа хот газрын чийг, харшаа гаргадаг гээд манай нийслэлийнхэн уух дуртай.
 Сүүлийн үед “ Элсэн далайн хөлөг онгоц” маань унаа унашлаганд тэр бүр хэрэглэгдэхээ больсон нь үнэн. Нэг ёсондоо нуруу нь амарсан гэсэн үг. Гэвч хувь тавилан нь амарсангүй. Түүний мах ихтэй том биеийг хулгайчид шүлс савируулан ширтэж, тархиндаа хэдэн бууз болохыг төсөөлнө. Бас мөнгө болгон үржүүлнэ. Тиймээс орчин үеийн хурдан унаа хөлөглөсөн дээрэмчид бэлчээрт яваа тэмээг шууд буудаж унаган ачих тохиолдол их. Тэр ч бүү хэл арав хориор нь хядсан тохиолдол элбэг. Бас яагаа ч үгүй байхад ноосолчихно. Ноос нь овоо үнэтэй. Түүгээр хийсэн бүтээгдэхүүн дулаахан гэж нөхцөлгүй.
 Ер нь сүүлийн үед манайхан энэ муу тэмээгээ амраахаа больсон доо. Хангайнхан морь битгий хэл сарлагаа унаж уралдуулаад байхаар нь говийнхон юунд дутах вий гэсэндээ тэмээгээ үсэргэдэг болов. Өвлийн хүйтэнд өч төчнөөн хол газраас жонжуулан тэшүүлж махыг нь зулгаана. Жинхэнэ тамладаг. Хурдлахгүй бол ташуураар хайр найргүй балбана. Хамрийг нь сэтэртэл нь дугтарна. Хамгийн эмзэг эрхтэн хамраа байнга дугтруулсан тэмээний нулимс нь цуваад үнэхээр өрөвдмөөр. Эдүгээ тэмээн поло гэх бас нэгэн тамлалт нэмэгдэв. Угийн эв хавгүй бүдүүн хадуун түүнийг гарын алганд багтах ширэн бөмбөгний аяар хөдөлгөх гэж жинхэнэ тамыг нь цайлгана. Ийнхүү бид тэмээгээ зовоож тарчлааж байж, таашаал авдаг цөөхөн үндэстний тоог нэгээр нэмжээ. Мөн энэхүү бие сүрлэг сэтгэл зөөлөн амьтан нэгэн цагт зоопарк гээч юмны үзмэр болох магадлалыг хүн байгаль хоёр бие биенээсээ уралдах мэт тавьж байна. Хөөрхийдөө ядахнаа л түүний махыг хүнснээсээ хасах юмсан.
 Ингэхэд буур гэж сайхан амьтан бий. Ялангуяа орсон үедээ бүүр ч сүртэй. Бас аюултай. Гэхдээ эзнээсээ айна гэж нөхцөлгүй. Ухаантайн шинж байгаа биз.
 Тэмээ ер нь сайхан амьтан. Амгалан ч гэж нөхцөлгүй. Ямар сайндаа л буруу харж хэвтэж байгаад арван хоёр жилд багталгүй үлдэхэв дээ. Тиймээс нөгөөдүүлийнхээ хамаг шинжийг авч үлдсэн гэх домог бий. Гэвч бид түүнийхээ тугал хархан нүдийг бүлтэгнүүлж байгаад, туулай сайхан хамрыг нь модоор нэвт сүлбэснээр хамаг тамалгаагаа эхлэнэ. Тэгээд “үгэнд нь” орохгүй бол гувруу энэ тэрээр нь хараана. Мөн саяхан л чиний дээр гарахаар наран ойрхон, тэмээн жингийн цувааг харахаар сэтгэл уярам хэмээн дуулалдаж асан хүмүүс түмпэн шанага болоод явчихна. Алж идэх гэж байгаа нь тэр. Ингэхэд тэмээ угийн амгалан гэнэн, уярамтгай, аварга биедээ зохиогүй зөөлөн араншинтай. Түүний амийг таслахад адуу үхэр шиг олс дээс, сүх хүрз ороод байх шаардлагагүй. Яадаг вэ гэхээр эзэн нь түүний ар шилийг аяархан аяархан тэмтрэн илнэ. Энэ завсар ботгоноос нь эхлэн өхөөрдөж асан эзэн ханцуйдаа хурц хутга нуусныг үл анзаарна. Тэгээд эрхлүүлж байна даа хэмээн бодоод мэлмэрүүлэн уярч зогстол эзэн нь хурц хутгаа шууд нугасанд нь зоодог. Хоромхон зуур ухаан нь балартан ертөнцөөс тасардаг юм. Аймаар зэрлэг байгаа биз. Ийнхүү тэмээ хэмээх тэнэмэл заяатай бурхан шиг амьтны цөөхөн жилийн нас шувтрага болж гэрийн эзний эхнэр хүүхдүүд хутга сэрээ барин гүйлдэнэ. Нохойны хүртэл чих нь соотойсон байдаг.  Хэд хоногийн дараа түүний толгойн мөлжсөн яс  бууцны хөлд хөөрхийлөлтэйгөөр хэвтэх ажээ.


Bookmark and Share