iNET.mn
mobile.inet.mn
хайлт
Шинээр
Дэлхийн шилдэг хүнсийг Монголд нутагшууллаа
Пүрэв, 3-р сар 10 , 2011

Африкийн хойд хэсэг, Газар дундын тэнгисийн орчмоос үүсэлтэй хүнсний ногоо, эмчилгээний ургамал артишокийг Монголд нутагшуулж, хүнсэнд хэрэглэж эхлээд удаагүй байна. Артишокийг манай эрдэмтэд гэрийн заруул гэж монголчилжээ. Гэрийн заруул нь дунджаар 1.5 метр өндөр ургадаг. Том далбагар навчтай, 4-10 ширхэг, боргоцойтой төстэй булцуу гарч цэцэглэдэг энэ ургамал монголчуудын хувьд шинэ хүнс. Харин дэлхийд хамгийн их судлагдсан ургамлын нэг. Үүнийг олон оронд өргөн хэрэглэдэг, эрүүл мэндийн онцгой ач тустай болохыг хэдийнэ тогтоожээ.

Артишокийн үрийг 2007 онд “Экологи хөгжил” төрийн бус байгууллагынхны санаачилгаар “АНУ-ын Калифорниос Азийн сангаар дамжуулан Монголд оруулж иржээ. Артишок Монголд” нэртэй төслийн хүрээнд эмчилгээний сортын үрийг сонгон авчирчээ. Монголдоо тарьж ургуулах, нутагшуулах ажлыг ургамал судлалын эрдэмтдийн баг амжилттай хэрэгжүүлснээр бидэнд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж бүрдлээ. Тарьж ургуулах ажлыг ХААИС-ийн Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн “Нарт” төвийн захирал Л.Даваагаар ахлуулсан баг хариуцжээ.

Тэд энэ ажлыг тав дахь жилдээ хийж, багагүй туршлага хуримтлуулжээ. Монголд тариалсан артишокийг Америкийнхтай харьцуулан судлахад зургаан бүхлээр илүү байсан гэнэ. Артишок ургамлыг ашиглан эм болон биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааг Төрийн шагналт М.Амбагаар ахлуулсан докторууд хариуцан ажиллаж байна. ӨДӨРТ НЭГ ШИЛ “ARTICHOKE” Харин хоол хүнстэй холбон ШУТИС-ийн Хүнс, инженер, биотехнологийн сургуулийн дэд захирал, доктор М.Пүрэвжавын хариуцсан багийнхан судалж байгаа юм билээ.

Тэдний судалгааны эхний үр дүн болох “Artichoke” эрүүл мэндийн ундаа худалдаанд гараад байна. Хүнд болон хортой нөхцөлд ажилладаг бел хордлогын хүнд, хөнгөн хэмжээнээс хамаарч хэрэглэнэ. Энэ бүтээгдэхүүн нь хордлогын үед цусан дахь хортой бодисыг шууд задалж, эд эрхтэнийг гэмтээхгүйгээр бие организмаас гаргадаг гэж зөвлөв. Үүнээс гадна тарган хүний хуримтлагдсан өөх тосыг багасгана. Гэдэс базалж өвдөх, гүйлгэх үед халааж ууна. Бөөрний үйл ажиллагааг дэмжиж хаван хөөхөд тусална. Артишокийг хэрэглэснээр арьсанд тэжээл өгч, өнгөлөг толигор болгоно гээд магтаад байвал давуу тал ихтэй.

Эрүүл мэндийн энэ ундааг эрүүл хүн өдөрт нэг шил буюу 280 гр уухад тохиромжтой. Эмгэг өөрчлөлт болон хордлогын хэмжээнээс хамаарч хэрэглээг нэмэгдүүлж болох бөгөөд сөрөг нөлөөгүй гэсэн. Энэхүү цоо шинэ хэрэглээг дагаад хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт өвөрмөц хандлага, шинэ нэр томъёо гарсан нь зохицуулах үйлчилгээтэй хүнс. Энэ нь нэгэнт өвчилсөн хойно эмээр эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө өвөрмөц эмчилгээний үйлчлэлтэй хоол хүнсээр дамжуулан эрүүл мэндийг дэмжихийг хэлж байгаа юм. Ийн төдийлэн мэдэхгүй шинэ ургамалд эрдэмтэд анхаарал тавин тал талаас нь судалж байна.

ЭЛЭГНИЙ БҮХ ТӨРЛИЙН ЭМИЙН ГОЛ ТҮҮХИЙ ЭД БОЛДОГ

Артишок дэлхийн 2003 оны шилдэг хүнсээр шалгарсан. “Энэ ургамлаас хаях юм гэж байдаггүй. Хүнсэнд артишокийн иш, булцууг нь цэцэг гарахаас өмнө тайрч авна. Навчийг нь хандалж, үндсийг нь эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг” гэж тус байгууллагын тэргүүн Л.Батнасан сонирхуулав. Гэрийн заруулд Cynara Scolymus гэдэг бусад ургамалд маш ховор байдаг бодис их хэмжээгээр агуулагддаг. Үүгээр элэгний бүх төрлийн эмийг хийдэг аж. Артишокийг дангаар нь хэрэглэх хэцүү, гашуун амттай.

Тийм учир амтыг нь саармагжуулж хүнсэнд хэрэглэдэг юм байна. Гэхдээ ихэнх оронд гашуунаар нь амталдаг гэсэн. Тэр дундаа оросууд архины эсрэг эмчилгээний зорилгоор уудаг гэнэ лээ. Гэрийн заруул уураг, В1, В2, В3, В5, В6, Р, С, каротин, кальци, магни, цинк, төмөр, фосфат, органик хүчлүүд, кали, флавинойдууд, кафеилхиновын хүчлүүд, инулин хлоргены, танин, пектинүүд зэрэг нэгдлийг агуулдаг.

Артишокийг элэгний өвчин, бөөрний үйл ажиллагааг сайжруулах, цөс хөөх, өтгөн хаталт, судасны хананы хатуурлын эсрэг, чихрийн шижин, мэдрэлийн эд эсийн үйл ажиллагааг дэмжих, үрэвслийн эсрэг, даралт бууруулах, гэдэс дүүрэх, дотор, муухайрах үед хэрэглэж болно. Мөн бие организмын амин дэм ба эрдэс бодисын тэнцвэржилтийг сайжруулах, бүх төрлийн хордлогыг саармагжуулах үйлчилгээтэй.

Эрүүл хэр нь агаарын бохирдол, тамхи, архи, химийн бодист хордож байгаа болон хүнд хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийн цусан дахь хортой бодисыг задалж, эд эрхтэнийг гэмтээлгүй бие организмаас гаргахад артишок тусална. Мөн биед гарч буй бүх төрлийн эмгэг өөрчлөлтийг арилгах зорилгоор энэ ургамлыг дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг ажээ.

ХАЛУУН ОРНООС ГАРАЛТАЙ Ч ХҮЙТЭНД ТЭСВЭРТЭЙ

Төмс хүнсний ногооны адил артишокийг хавар тавдугаар сард тариалдаг. Халуун орноос гаралтай ч хүйтэнд тэсвэртэй учир намар аравдугаар сард хурааж авдаг гэнэ. Манайхан хэрэгцээнийхээ хэмжээгээр тариалж байна. Удахгүй үрсэлгээ хийж, тавдугаар сард гадаах хөрсөнд суулгахад бэлэн болно. Америкаас ирсэн энэ ургамлыг Монголд нутагшуулаад таван жил боллоо.

Энэ жил “Артишок-5” төсөл хэрэгжиж байна. Төслийн багийнхан уул уурхай хөгжсөн, газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт артишокийг тариалж эхэлжээ. “Энэ ургамлыг гэрийн нөхцөлд тариалах хүсэлтэй хүмүүст арга технологийг нь зааж өгөхөд татгалзах юмгүй” гэж төслийн удирдагч ярьж байсан.

Э.Энхмаа


Bookmark and Share