iNET.mn
mobile.inet.mn
хайлт
Ярилцлага
Ганц хормын сэтгэл дутсанаас 175 сая литр агаараа хордуулчихлаа, бид /Б.Ариунаа /сэтгүүлч/ /
Пүрэв, 6-р сар 18 , 2009

14.00 цаг. Их хотын нүсэр амьдрал эргэдгээрээ эргэсээр. Гудамж талбайд хүмүүсийн хөл  татарсангүй. Улаанбаатар хотын аль ч замд анир даран, хөдөлгүүрээ унтраасан машин лав харагдсангүй. Дуут дохио хангинаж, түгжрэл, бөөгнөрөл үүсдгээрээ үүссэн, хараал цухал тавьсан өдөр өнгөрлөө. Гэвч өчигдөр уг нь дэлхий нийтээрээ цөлжилттэй тэмцэхээр дуу хоолойгоо нийлүүлж буй жир бус өдөр байсан юмсан.

Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотод 105439 тээврийн хэрэгсэл бүртгүүлжээ. Ийм тооны автомашин өдөрт нийслэлийн замд хурдалж, тэр хэмжээгээрээ агаар мандалд нүүрсхүчлийн хий цацдаг юм.

 Байгаль орчны яам, "Глобал сио" төрийн бус байгууллагынхан хамтран жолооч нарт нэг минут хөдөлгүүрээ унтрааж, 20.00 цагаас хойш айл бүрийг хэрэгцээгүй цахилгаан хэрэгслээ унтрааж, хөргөгчөө салгахыг уриалсан. Хэд хоногийн өмнөөс энэ талаар сурталчилж байсан ч нийслэлчүүд нэг чихээрээ оруулаад  нөгөө чихээрээ гаргачихлаа. Төмөрчний гудамжинд жолооны курсын "жолоочгүй" машин унтарч орхисныг эс тооцвол энэ мөчид хөдөлгүүрээ унтраасан хөлөг лав байсангүй.

Түүний араас түгжрэл үүсгэлээ гэж дуут дохио хангинуулж, хаазаа нэмсэн жолооч нар байснаас дэлхий нийтээр хүлэмжийн хийнээс татгалзаж байгааг тоож хүндэтгэн нэг хором ч атугай хөдөлгүүрээ унтраахыг хүссэнгүй ээ.  Уриалгыг улан дороо гишгэснээр уушгиа устгах хорт хий үйлдвэрлэснээ анзаараа болов уу.

Цөлжилттэй тэмцэх, агаарын бохирдлыг бууруулахаар гаргасан уриалга цаад утгаараа хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилготой гэж ойлгоном. Уриалга гаргасан нь сайн хэрэг ч хэдэн байгууллагын ажилчид өөд уруугүй гүйлдсэнээс хэтэрсэнгүй бололтой. Ажил, ам хоёр алд дэлэм зөрдгийг харууллаа. Төрийн байгууллагынхны ажил уялдаа холбоогүйг хэмжчихлээ. Хөдөлгөөнд оролцож байгаа машин бүр хөдөлгүүрээ унтраана гэхээр хэний ч толгойд замын цагдаа зурсхийх нь лав. Гэтэл Замын цагдаагийнхан энэ ажилд төдийлэн оролцсонгүй. Зохион байгуулагчдын зүгээс ч хамтран ажиллах хүсэлт тавиагүй гэнэ.

Түүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ болохоор чанарыг нь хэмжих ёстой биз дээ. Машин зогсохоос өмнөх, зогссон, дараах үеийг харьцуулж, тэр хэмжилтээ түмэнд түгээвэл жинхэнэ ажил хэрэг болмоор санагдах юм. Агаарын чанарын албаныхан энэ талаар бас л дуулаагүй сууна.

Төр, засгийн удирдлагууд үнэндээ цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж байгаа нь нууц биш. Цэнхэр дэлгэцээс салдаггүй атлаа, улстөрийн имижээ өсгөх асуудал биш гэж санасан уу ер харагдсангүй. Бусад орны томчуудыг харж байх нь ээ экологийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж, иймэрхүү арга хэмжээнээс хоцрохгүйг хичээдэг юм билээ. Манайхан л таг чиг.

Хөдөлгүүрээ зогсоох жолооч олдсонгүй
Замын хөдөлгөөнд оролцсон жолооч болгон өчигдөр хөдөлгүүрээ нэг минут унтраасан бол байгаль орчинд хэрхэн нөлөөлөх байсан бол.

Бяцхан тооцоо хийе. Автомашины хөдөлгүүрийн тахир гол минутад дунджаар 1000-6000 удаа эргэдэг. Эндээс хэдүүлээ нэг машины агаарт цацах хорт хийг дундачлах гээд үзье. 1.5 литр багтаамжтай хөдөлгүүр нэг минутад дунджаар 1000-2500 литр агаар бохирдуулдгийг Нийслэлийн агаарын чанарын албаныхан гаргажээ. Тэгвэл нэг цагт 60-150 мянган литр, нэг өдөрт 1-1.5 сая литр агаар хортой элементүүдээр бохирддог байна. Энэ тоо зөвхөн нэг машины агаар бохирдуулах хэмжээ. Нийслэлд өдөрт 100 мянга гаруй машин хөдөлгөөнд оролцдог гэвэл  нэг өдөр 100 тэрбум литр агаарыг бид ядах юмгүй хордуулчихдаг ажээ. Үүнийг нэг минутаар тооцоод үзээрэй.

Бохирдсон агаар ямар найрлагатай болдгийг баримтаар өгүүлье. "Электрон техник машин судлалын концерн"-ы хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын 34.9 хувийг яндангаас гарсан хий эзэлдэг  хэмээн баталжээ. Жилд 568 тонн нүүрсхүчлийн дутуу исэл, 1238.2 тонн азотын исэл, 274.2 тонн нүүрсустөрөгч, 306.9 тонн бусад хорт бодис цацдаг гээд бод доо. Ерөөсөө дутуу исэл хүний биед орохдоо хүчилтөрөгчтэй урвалд орж эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг.

Hүүрсхүчлийн дутуу исэл амьсгалах агаараар дамжин цусны улаан бөөмд нөлөөлж, хар тугалга мэдрэлийн хор гэгдэн хориотой бодисын жагсаалтыг тэргүүлсээр байгааг дуулгах нь зөв байх.
Хаана амьдарч байгаагаас үл хамааран хүн төрөлхтөн нэг л зүйлийг хуваалцдаг нь цэнхэр гариг. Тэр дундаа агаар мандал шүү дээ. Баян хоосон, ухаантай мунхаг ялгалгүй бүгд уур амьсгалын өөрчлөлтийн өмнө өвдөг сөхрөх билээ. Мөнгөтэй байлаа гээд хүчилтөрөгч илүү сорохгүй,  мунхаг гээд өрөвдөхгүй.

Агаар мандалд хүлэмжийн хий хурдацтай нэмэгдэж байгаа нь ирээдүйн уур амьсгалын урьдчилсан төлөвийг үндсээр нь өөрчилж, экологийн гамшиг улам бүр чангарч байна. Энэ бүхнийг үл тоомсорловол хүн төрөлхтнөөс 2.5 тэрбум хүн буюу дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн 40 хувь нь эрсдэлд орох эмгэнэлтэй дүр зураг харагдаж байгаа учраас л ийм өдрийг тэмдэглэж байгаа хэрэг.

Гэтэл манай улсад явж байгаа автомашины дийлэнх нь Монгол Улсын MNS5013: MNS5014:2003 стандартуудыг зөрчсөөр л байна.

Бас нэгэн баримт дурдъя. Нэг кг дизелийн түлш шатахад 80-100 гр хорт бодис ялгардаг байна.

Хорт хий  гр
Угаарын хий   20-30
азтоын исэл   20-40
нүүрсустөрөгч  4-10
хүхэрлэг хий   10-30
альдегид   0.8-1
хөө    3-5
Харин нэг кг бензин шатахад 300-310 гр хорт бодис ялгардаг.
хорт хий  гр
угаарын хий   22.5
азотын исэл   55
нүүрсустөрөгч  20
хүхэрлэг хий   1.5-2
альдегид   0.8-1
хөө    1-1.5

Энэ бүхнээс гадна эдийн засгийн тооцоо хийж бас болно. Автомашин уналгүй нэг өдөр болсноор 1-1.5, сард 45, жилд 16200 сая литр агаар бохирдлоос аварч, хэмнэлт гаргах боломжтой юм билээ.

 

Нэг минут эрчим хvч хэмнэе
 
Автомашины хөдөлгүүрээ унтраахаас гадна, хэрэгцээгүй цахилгаан хэрэгслээ хязгаарлаж, эрчим хүч хэмнэх талаар дээрх байгууллагынхан уриалсан. Гэгээн цагаан өдрөөр нэг минут тэвчээр гаргаж чадаагүй иргэд  тийм амархан хөргөгчөө салгах уу.

Монгол Улсын хүн амын 40 гаруй хувь буюу таван хүн тутмын хоёр нь нийслэлд байнга оршин суудаг. Өөрөөр хэлбэл, орон сууцанд 92.4 мянган өрх амьдардаг бол гэр хороололд 142 мянга гаруй айл бий. Тэд бүгдээрээ нэг квт цагийн эрчим хүч хэмнэвэл хэдий хэмжээний ашиг гарч болох бол.

Нэг квт цагийн үнэ дунджаар 68 төгрөг. Тэгэхээр нэг айл нэг минутад 1.13 квт/цаг зарцуулдаг болж таарч байгаа биз. Ийм хэмжээний хэмнэлт нийслэлийнхэн гаргана гэвэл 264 мянга гаруй квт/цаг эрчим хүч "цааш хийнэ".

Нийслэлийнхнийг эрчим хүчээр хангахаар гурван том станц өдөр шөнөгүй ажилладаг. Зөвхөн нэг нь л өдөрт 600 тонн нүүрс шатааж, агаар мандалд хорт хий цацаж байдаг юм. Гурван станцаас 35-220 квт-ын хүчдэл гаргаж,  43 дэд станцаар дамжуулан хэрэглэгчдэд түгээх  дундаж ачааллыг нэг минут гэрлээ унтрааснаар хэдэн арав дахин багасах тооцоо бий.

Агаар мандалд хуримтлагдах нүүрсхүчлийн хийн хэмжээ 380 нэгжид хүрсэн нь сүүлийн 650 жилийн хэмжээнээс хэд дахин өссөн дүн. Дэлхий нийтийг түгшиж эхэлсэн энэ үед дөрвөн уулын дунд гурван станцын хаясан утааг уушгилж байдаг нийслэлчүүдэд эрчим хүч хэмнэх юу юунаас чухал. Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилттэй тэмцэх төвөөс гаргасан судалгаагаар төв халаалтын дулааныг нэг градусаар бууруулахад энерги ашиглалтыг 10 хувиар багасгах тооцоо бий.

Харамсалтай нь хувь хүний ухамсраас шалтгаалах энэ ажил ямар үр дүнтэй болсныг тооцоолох арга алга. Одоо л дөнгөж Хэмнэлтийн хууль батлагдах гэж байгааг л хэлж чадах  байна. Уг нь бол Дулааны цахилгаан станцууд нэг квт эрчим хүч үйлдвэрлэхэд хэчнээн хэмжээний нүүрсхүчлийн хий цацдагийг тооцчихоод, хэмнэлттэй үед ачаалал хэрхэн буурсныг судалсан бол хэрэгтэй л байлаа.

Гэтэл өчигдөр хөдөлгүүрээ зогсоож, 175 сая литр агаараа аварч чадаагүй бид ирээдүй хойч үеийнхэнд заналхийлж буй хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулсангүй ээ.

2008 онд ялгарсан хүлэмжийн хий агаар мандалд 2108 он хүртэл хадгалагддагийг эрхэм нийслэлчүүд мэдэрсэнгүй. Ингэснийхээ төлөө хойч үедээ хор учруулах сонголт хийснээ ухаарсангүй, манайхан.


Bookmark and Share